Sunday, July 31, 2011

Буурлуудын маань намтар





зурган дээр дарж томоор уншина уу!





                     
      Ахмад буурлуудтайгаа хамт байсан он жилүүдийн зарим нэг санаанд үлдсэн
нандин дурсамжуудаас бичихэд: 


                         Аюурзаны Батбилэг миний бие
 1966 оны 7 сарын 21 нд гал морь жил зун цагт ногоо цагаа дэлгэрсэн үед төрсөн юм билээ.
7 улаан мэнгэтэй буддын шашны дэг жаягаар бол номын хүрд болон уншлага  эрхний тоонд төрсөн хүн ямарч саад бэрхшээлгүй явна гэж лам нар тэгдэг юм билээ.   
 1968 оны сүүлээр юм шиг байгаа юм. (  Дулам ажаа ) Нарийн ажаагийн маань хөгшин агент(мухлаг) ажилуулдаг байсан гэдэг.Агент байсан болохоор чихэр жимс эд бараагаа орон доогуураа их хураадаг байсан гэсэн.Би тэгээд орон доогуур хийсэн савтай чихэр боовноос нь мөлхөж ороод дураараа авч иддэг байсан гэдэг.Тэр хөгшин бусад хүмүүсийг эд бараандаа ойртуулдаггүй,намайг болохоор өхөөрдөөд эрхлүүлээд дураар нь байлгадаг байсан юм билээ.
1967 оний хавар нэг өдөр манайхаар Найдандорж ах бууж гэрт ороход би орны толгойноос уяатай байсан юм билээ.Эмээ гал түлээд завгүй юм хийж байх зуураа наад өрний шургуулаганаас аяга аваад өөрөө цай хийгээд ууж бай гэхэд ширээний шургуулгыг татахад би аяганд баагаад шургуулганд нь буцаагаад сэмхэн хийчихсэн байсан гэдэг.Тэгээд Найдандорж ах танай хүүхдийн баас л  байна гээд бөөн инээдэм болсон гэдэг.    
       Бас 1968 оны намар юмуудаа хот аймгаас улсууд ирээд хонь хийж  байхад би  ширээр нь  тооцоолоод дахиад хонь хийхгүй бол шийр нь хүрэхгүй нь гэж хэлээд инээлгэж байсан гэдэг.Тэгэхэд Пүрэв эгч,Дэжээ ах 2 лав байсан гэдэг.
      1969 оны хавар Данхрын чулуун хороотод хаваржиж байсан бололтой.Жанжаа маань гадаа модоор юм хийгээд сууж байсан,дэргэд нь би зогсож байсан юм  билээ.Тэгтэл чи маамуу алахнуу гээд намайг хэлэхэд Жанжаа маань харсан чинь Цэдэв өлгийтэй байсан гэсэн Цэдэвийг бууцан дотор доош нь харуулаад тавьчихсан Цэеэнсүрэн дээр нь мордчихсон байсныг Жанжаа маань очиж авсан гэдэг.
     1969 оны өвөл их өнтэй сайхан өвөл болж 70 оны хавар цас эрт ханзарч яргуй,цэцэг ногоо,хур бороо,цагаан идээ дэлгэрч мал амьтны нуруу тэнийсэн сайхан жил болсон бөгөөд 69 онд Цэдэв ,70 онд Гоо төрсөн юм билээ.  1971 оны өвөл бас сайхан өнтэй өвөл болж манай Цэдэвийн өвөө аав Хад Нанжид  гэдэг хүн тод ногоон гүлэмтэй хүүхдийн хөөрхөн жижигхэн эмээлтэй хээр үрээ авчирч өгөхөд хөгшчүүл маань маш их билэгшээж,баярлаж улмаар Цэдэвийн хээр гэж алдаршсан сайхан номхон хээр морийг бид нар бүгдээрээ л унаж эдэлцгээдэг байсан.  Цэдэвийн өвөө аав Хад Нанжид гэдэг буянтай буурал хэд хоноод л манайхаар ирдэг байсан санагдана.
      1971 оны зун манайх Улаан Ухаагын урд хондонд зусаж байсан.Өндөр Бүд гуайнх Бумбатын усны баруун өндрийн баруун урд хондон дээр зусаж байсан юм билээ.Сүүлд би Жанжаагаасаа асууж байсан тэгэхэд Бүд  гуайнх  агент байсан гэдэг .Тэгэхэд Жанжаа маань намайг эрхлүүлээд хөтлөөд л явж байна,заримдаа үүрчихсэн л Бүд гуайнхруу явдаг байсан. Тэгээд агентаас буурал мөөхий,печень,24-ийн чихэр,мөсөн чихэр,мампсан чихэр  гээд  л  янз бүрийн чихэр жимс авч өгдөг байсан нь бүдэг бадаг санагддаг.Эмээдээ битгий хэлээрэй миний хүү гээд л тэгдэг байсан.
    1971 оны өвөл Ар Улаан хаданд Тавраа Дашзэвэг гуайнх айл байсан санагдана. (Чимэддулам эгч ) Сандагаа эгч маань Сандагдорж ахтай барилдаад л ноцолдоод л байдаг байсан санагдана. Сандагдорж ахын толгой дээр нэг халцархай байдаг гэсэн.Сандагаа эгч нэг дугуй халуун зоосоор түлчихсэн гэдэг байхаа.Оготор Банзаа гээд нэг ах айл хэсээд л яваад байдаг байсан.Хар ямаат гэдэг газар 63-65 оны үед өвөлжиж байсан гэдэг.Бас Ар Өвөр Улаан хадны өвөлжөөнд хэдэн жил өвөлжсөн юм билээ.1960-аад  оны үед юмуу Цэдэниш ахын эхнэр Чанцалдулам эгчийх манайхтай цуг өвөлжиж байсан юм байлгүй,нэг өдөр илүү гэртээ тугалын баас арилгаад зогсож байсан Чанцал эгчийг  Сандагаа эгч савар бариад гэр тойруулаад туулгаж байсан гэдэг.
            1971 Оны өвөл Ар Улаан хаданд өвөлжиж байхаас эхэлж зарим нэг дурсамж бүдэг бадаг санагддаг.  Манай гэрийн тооноор дээшээ харахад Ар улаан хадны орой хэсэг ,энгэр хадан хясаатай хэсэг харагдаж байдаг байсан санагдана.Жанжаа маань дээшээ авираад гарчихсан хугараад хатчихсан арцны иш,буйлс,бургас,бутны хугархайнууд доош нь хаялж байгаа нь гэрийн  тооноор харагддаг байсан.Тэгээд  нэг газар бөөгнүүлж байгаад хэсэг хэсэгээр нь голоор нь голтирогдож боогоод бүгдээрээ үүрч ирдэг байсан санагдана.   Жанжаа маань маш их арц түүж хатааж,нүдэж савладаг байсныг би сайн мэднэ.   Жанжаа маань мод төмрөөр байнга мужаан дарханы ажил хийж байдаг байсан. Өвөл зуны хаалга,сандал ширээ ,зуух,галын хайч,махны сэрээ ,малын тэжээлийн онгоц тэвш, морь тэрэгний хэрэглэл,сүх алх ишлэх,эмээлийн мод наах хийх,хашаа хорооны банз сургааг мод янзлах хадах,цоож цуурга хийх ,амаараа үлээж халуунаар гагнах гэх мэт юм болгоныг хийж чаддаг уран дархан хүн байсан бөгөөд буддын шашин номын өндөр мэдлэгтэй,маш олон уншлага цээжний ном ихтэй хүн байсан. 1989-90 оний үед Батчулуун гуайн хүү Мял буюу Мөнхбат, Дугар даргын хүү Батбилэг, Нямдорж жолоочын хүү Балсан гэх мэт хүүхэд залуучууд гэрт нь орж ирчихсэн уншлага шашны ном, бас бишгүүр үлээхийг хүртэл заалгаад сууж байдаг байсан .
      1990 оны үед баруун хүрээнээс 3 залуу лам гэрт нь ирж хэд хоногоор бүх уншлага номыг нь дуу бичлэгийн хэрэгслэлээр (кассет,си ди)- нд бичиж аваад явсан байдаг бөгөөд орон нутагтаа болоод шашны хүрээнд одоо ч уншлага номыг нь залуу лам нар сонсож цээжилж сургалтанд ашиглаж байдаг юмаа. Өөрийнх нь надад ярьж байснаар бол 8-9 настай байхдаа л баруун хүрээнд очиж шашины ном судалж заалгаж байсан юм билээ.Урлагт их дуртай шашны хөгжим бишгүүр,дун зэрэг хөгжмийг ном журмын дагуу үлээдэг,бас түмэн эх,эртний сайхан,үлэмжийн чанараас өхсүүлээд олон сайхан уртын дуу дуулдаг байсан бөгөөд наадмын үеэр наадмын төв асар дотор л дуу нь цангинаж байдаг сайхан хоолойтой дуучин хүн байсан.
      Одоо Жанжаагийн маань олон сайхан судар ном,мужаан дарханы ойр зуурийн багажууд болон хийсэн зарим нэг зүйлүүд нь дүү нарийнхаар хадгалаатай байгаа.Жанжаа маань Баруун Хүрээнээс(Эрдэнэ зуугаас) их хэлмэгдлийн үе буюу 1937-1939 оны үед л багш лам нь  шөнийн цагаар хэдэн залуу лам нарын хамт нутаг нутгаад нь  тал тал тийшээ оргуулчихсон бололтой юм билээ.Тэгээд л энгийн хувцас өмсөж (санитар) буюу одоогоор бага эмчийн сургуульд суралцсан юм билээ.Тэгээд бригадын  эмч (санитар ) нэг хэсэг хийсэн гэдэг.Намайг 6-7 настай байхад л  байх  Дамбий гуай гээд нэг эмч өвгөн манайд их ирдэг байсан.Миний санахад өвлийн хүйтэнд ч гэсэн толгой нүцгэн тэмээтэй явж байдаг хүн байсан.Жанжаатай маань их найз байдаг байсан бололтой.Тэгээд Жанжаа маань намайг сургуульд орсон цагаас эхлээд л Булангаагийн төв дээр амьдардаг болсон.Намайг 1-3 р анги төгстөл Жанжаатайгаа цуг Булангаагийн төв дээр байдаг байхад Гэрэл гуай, Халтар Бандгай , Цэдэндамба гуай,Гомбирог гуай,Аюуш гуай,Ёндонжамц гуай,Батаа гуай,Шагдаржав гуай,Лодон гуай,Додой гуай,Шонхор гуай гээд л олон буурлууд орж ирээд л яриа дэлгээд суудаг байсан.
    Тэгээд 1988 оны намар Бүрэнгийн төв дээр Гэлэнхүү даргын хашааг аваад    Жанжаагаа бүх эд хогшилтой нь Булангаагын төвөөс  Дамбадаржаагын Бавуу гэдэг ахтай трактортай ачаад нүүлгэж авчирч байсан.Ингээд Жанжаа маань Бүрэнгийн төв дээр амьдардаг болсоноос хойш Түвээн гуай, хоёр Дорж гуай, хоёр Цэдэндорж гуай, хоёр Дагвадорж гуай,Бат гуай, Даадай, Дөнгөт гуай, Дэшиг гуай, Тунсаг гуай, Амгаа гуай,Содномдаржаа гуай, Өндөр өвөө буюу Цэдэндамба гуай гээд л олон хөшчүүл буурлууд орж ирээд л өдөржингөө яриад суучихдаг байсан.Хөгшчүүл маань их сонин хачин зүйлүүдийн тухай ярьцгаадаг байсан.Би заримдаа сонсоод л суучихдаг байсан.
     Жанжаа маань 1990 оны цагаан сараар Жанжаад нь нэг чухал ажил байна гэж надад хэлсэн.  Гандантэгчилэн хийд дээр нэг л хүнтэй уулзах гэсэн юм,Осор цорж гэж лам бий,Баруун хүрээнд(Хар Хорумд ) цуг хамтдаа нэг хэсэг байсан юм .Миний хүү тэр хүнтэй л уулзуулж өг гэсэн.Тэгээд Бүрэнгээд хүнд захиад Жанжаагаа хотруу орж ирэхээр нь тосож аваад Осор цорж гуайтай уулзуулж өгсөн.Ингээд уулзчихаад за ганц боллоо миний хүү гээд л их баяртай байсан.Жанжаа маань Улаанбаатарт олон хонож чадахгүй гээд  даруй буцсан санагдана.Тэгээд Жанжаа маань мотоцикльтой хүнтэй ерөөсөө сундалж явдаггүй хүн байсан.Надтай болохлоор сундлаад л явна.Би хэдэн удаа Булангаагийн төврүү мотоцикльтой хүргэж өгчихөөд буцаагаад л аваад ирдэг байсан.
Сүүлийн жилүүдэд Жанжаа маань мотоцикльтой явж чадах аа ч байсан.Би ч тэгж ийш тийш нь авч явж чадаагүй.    
      1972 оны хавар байх Ар Улаан хаднаас Данхарын чулуун хороотруу нүүж байсныг санахад маш их зузаан цастай, цас хайлж шавхай гулгаа ихтэй,Чимэдцэрэн ах ирж машинаар нүүж мал ид төллөж байсан санагдана .Жуужаа маань явган 2 тэмээ хөтөлчихсөн хоёр хоёр сэгс( дөрвөлжин бургасаар сүлжсэн араг) тохчихсон дуурэн хурга ишиг дотор нь хийчихсэн явж байсан санагдана.Мээм маань бас явган хурганы уут үүрчихсэн,хурга ишиг хийчихсэн туурь туулцаж явсан.Бас нэг хүн хурганы уут уурчихсэн явж байсан нь Нарийн ажаа маань байсан байх.Би бас хурганы уут үүрчихсэн туурь туулцаад явж байсан санагдана. 
      Жанжаа, Ээж,Цэдэв,Гоо,Сандагаа, Цэеэнсүрэн эд нар маань бүгд машинд л багтаж явсан байх.  Улаандай гуай гэдэг ах малд явж байгаад нүүж яваа айлын машинтай Данхрын чулуу хороотын баруун хойд арын хоолойд таараад хар хэсэгийг нь дагаад баруун хойд хөтөл дээгүүр нь давчих гэж зам заасан  юм билээ.Доогуур нь тойрхоор цас ихтэй байсан хэрэг тэгээд л хөтөл дээгүүр давхад их уруу цас ихтэй цас хайлж их нойтон шавхайтай байсан хэрэг.Урууруу машин нь шарваад чиргүүл нь гулгаад талаараа харчихсан юм билээ.Машины ачаан дээр Жанжаа маань Цэеэнсүрэнтэй хамт сууж явсан гэдэг.  Тэгээд нэг харахад Жанжаа маань Цэеэнсүрэнгээ хөтөлчихсөн хөтөлрүү дөхөөд зогсчихсон байсан гэдэг.Иймэрхүү хэцүү нүүдэл болж байсан нь бүдэг бадаг санагдана.
    Хүүхдүүд бид нар бүгдээрээ нэг нэг тагштай байсан түүгээрээ л  нэг нэг хоол иднэ.Тэгж л хоол ундны дэглэм бариулж сургаж байсан хэрэг. Ээж маань 1983 онд улсын ардын гар урлалын уралдааанд оролцож тэр үед Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан С.Удвал гуай өөрийн биеэр гэрт нь ирж шагналыг нь гардуулж байсан юм билээ.
            1991 онд Улсын ардын урлагийн их наадмын Монгол хувцасны уран шаглаа уралдаанд оролцож Гоо марал сэтгүүлийн нэрэмжит шагналаар шагнагдсан юм билээ.
Ер нь ээжийн маань гараас гарсан, гараар бүтсэн маш их зүйл байдаг. Оёж урласан зүйлүүдийг нь одоо ч гэсэн маш олон хүмүүс эдлэж хэрэглэж байгаа. Ээж маань миний хүү морь уяж үзэх хэрэгтэй юм сур гээд л тэгдэг байсан. 1979 оны есөн сарын нэгэнд сургуулийн нээлтэнд зориулсан дааганы уралдаанд хоёр даага уралдуулж үзэж байсан. 1980-81 онд манайх булгуудын хэцрүү Түвдэнгийн ард зусаж байсан. Тэгэхэд сургуулийн хүүхэд зургаан насны морь хүртэл уяж үзэж байсан санагддаг. Ээж маань ч сайн дэмжинэ хөгшчүүл маань ч их туслана. Түүнээс хойш морь уяж чадаагүй. Гэхдээ морийг яаж эдлэх, хоол, хөлс, амралт, хөл цээжинд нь цус буулгахгүй уяа сойлгийг яаж тааруулах нь морь морины онцлогоос болдог гээд  л олон зүйлийг мэдэж авч байсан. Морины хазаар, хусуур, нэмнээ, чөдөр, бусад хэрэглэл, уяан дээрээ хог хаягдал морины баасгүй цэвэр ариун байлгах гээд л ахмад буурлуудын зөвлөгөө сургамжаар л явж байсандаа.
  Ээж маань  их гэрт амьдарч байсан бүх хүмүүсийн дотуур гадуур хувцасыг матриалыг нь аваад л өөрөө  бүгдийг нь хийдэг байсан.  Бас бүх хүний дотуур,гадуур хувцасыг угааж арчилж,солих ажлыг хийдэг байсан.  
1972 оны зунаас эхлээд л хурдан морь унасан байх.Хурдан морины хүүхдийн хувцас хэрэглэл их олоныг хийсэндээ ээж маань .Одоо олон айлийн хүүхдүүд өмсөж хэрэглэж байгаа харагддаг. 
1973 оны хавар нэг өдөр дүү Цэдэв гэрээсээ гараад малын саравчруу алхаж байтал мухар үнээний тугал тэнд уяатай байсан юм билээ. Тэгтэл мухар үнээ тугалаа харамлаад Цэдэвийг мөргөөд толгой дээр нь гишигчихсэн сорив одоо Цэдэвийн толгой дээр байгаа. Ингэж нэг аюул болох шахсан. Тэгээд тэр хавраа Жуужаатайгаа хоёулаа агтанд адуу өгөхөөр адуугаа туугаад дунд Булангаа явсан тэгээд агтанд адуугаа өгчихөөд дунд Булангаагийн усны хойд хажуу дээр адуугаа хурааж байгаад өндөр Дамбийням ахаар нэг хээр үрээ бариулаад үлдсэн санагдана. Тэгээд л Жуужаа маань эмээллээд намайг мордуулчихсан чинь булгиж хаячихаад Жуужаагийн морины цулбууран дундуур нь дайраад хоёр эмээлтэй морь адуугаа хөөгөөд Хар Толгойн наад хөтөл дээгүүр давсан санагдана. Тэгээд хоёулаа явган үлдээд адууныхаа хойноос алхасан, лав л гурваас дөрвөн цаг болсон байх. Тэгээд алхаж байтал Сүрэнжав ах байсан байх, бид хоёрийн эмээлтэй морийг хөтөлж авчирч өгсөн. Ингээд хээр үрээ маань ч дахиж булигаагүй хоёулаа адуугаа туугаад их оройтож харьсан санагдана.
       1974 оны хавар бас л Жуужаатайгаа агтанд адуу өгөхөөр явж байгаад нэг худаг дээр адуугаа услахаар би түрүүлж очоод хэдэн ховоо ус онгоцонд хийгээд л ховоогоо худагтаа алдчихсан. Тэгээд л Жуужаадаа загнуулж шавхруулж зодуулсан. Тэгээд хоёулаа ховоогоо авах гэж их ядарч байсан. Түүний дараахан хаваржаанаасаа Чулуу хороотоос дунд Булангааруу эсвэл Жарангаад нүүж байсан. Тэгээд бас Жуужаатайгаа хоёулаа тууриа туугаад гарсан.
        Манайд нэг их үргэдэг тэрэгний хээр морь байсан. Тэр хээр морио Жуужаа маань тэргэндээ хөлөлчихсөн нилээд их эд бараа аччихсан дээр нь суучихсан явж байсан. Би малаа туугаад л явж байсан. Гэтэл гэнэтхэн хээр морь маань үргээд л тэрэг Жуужаа хоёрийг аваад давхичихсан. Жуужаа маань ойж буугаад л байсан. Би араас нь давхиад л, удалгүй Жуужаа маань их хол нисээд л ойчсон. Би айгаад л уйлаад байсан санагддаг. Жуужаагаа тойроод л дуудаад  л яваад  байсан. Мориноосоо буугаад очоод татаад байхад ухаа орохгүй байсан, их удаан хэвтсэн тэгж тэгж ухаа орсондоо. Нэг харахад Улаан Ухаагын зүүн хойд довцогтой дэрсэн дотор тэрэгний өрөөсөн гар нь  хугарчихсан, дугуй нь  дээшээ харчихсан хэвтэж байсан. Бүх ачааг нь энд тэндгүй тараагаад хаячихсан байсан. Тэгээд Жуужаа маань  тэндээ  суугаад л байсан. Миний хүү буцаад Чулуун хороотруу яв, цаадуул чинь ачааллаад хөдлөөгүй байгаа, очиж хэл хүрэг гэхэд би уйлсаар л давхиж  очсон санагдана. Бид хоёр гэрээсээ гараад дөнгөж оорцгийн энгэрт Улаан Худгийн баруун урд зам дагаад явж байсан юм  билээ.
        1977-78 оны үед манайх морь тэрэгний морьгүй болсон.   Тэгээд  Бямба эгчийг маань өргөж авсан  Базартэгэл, Мээм гэж хоёр хөгшин байсан, Бид нар Том ах, Мээм хоёр гэж нэрлэдэг байсан. Тэр том ахын унаган цагаан бор тэрэгний морьтой болж олон жил эдэлсэн. Ингээд 1989-90 оны үед Цэдвийн хээр морь, тэрэгний бор морь хоёр Хайрхан булагаас ердөө салахаа больсон. Тэгэхээр нь хөгшчүүл хоёуланг нь сэтэрлээд тэр чигт нь Хайрхан булагт дураар нь тавьчихсан юм билээ.  
 Хөхүүр Зандраа гэж их ширүүн характартай өвгөн байсан. Бригадийн тоо бүртгэгч хийж байсан байх. Намайг жоохон байхаас эхлээд л ирэх болгондоо дэрлээд орилуулаад хэвтчихдэг, эсвэл сахлаараа хоёр хацар дээр үрээд орилуулаад байдаг байсан юм билээ.
          1972 оны зун л юм шиг байна билээ. Зандраа хөгшнийг нэг өдөр ирэхэд нь би зугтаагаад хөдөө хээр дэрсэнд очоод унтчихаж байсан юм билээ. Түүнээс хойш хөгшин залууу хоёр их л тоголоно л доо. Зун айрагны буюу гүү барих үеээр их хурууддаг байсан.  Цэргээс халагдаж ирсэн жил сумын төв дээр гудамжаар явж байтал Зандраа өвөө өөдөөс ойрхон ирж байснаа таньчихаад тонгос хийгээд л үхрийн нойтон баас атгачихсан зогсож байсан, намайг шууд хараад л танисан бололтой би ч гэсэн хараад л танисан л даа.  Тэгээд баастай гарыг нь барьж аваад үхрийн баасыг нь өөрийх нь толгойд нялаад толгой дээр нь гэр зурсан, тэгж байж хоёулаа золгосон л доо, тэгээд л зөндөө юм ярьж танд нэг шил архи авч өгье гэсэн чинь донхойсон золиг минь одоо би гэрээдээ яаруу явах гэж байна. Зун айраг цагаа дэлгэрэхээр ирээрэй гэсэн, тэгээд л явцгаасан. Түүнээс хойш олон удаа очиж хонож байсан, зун амралтаараа л их очно.
Бас тээх Дамдинсүрэн гээд нэг өвөө байсан, намайг жаахан байхад оготноор
хорхог хийж өгөхгүй  бол чамайг засаагий чинь авна гээд туулгаад байдаг байсан. БАс цоохор Гомбожав гуай гээд эмч хөгшин байсан, Тэр хөгшин тааралдхаараа надад хүүхэд ясдаг жижигхэн хутга байгаа шүү гэж айлгадаг байсан.
            1974 оны намар нэг өдөр хониныхоо араас нилээд хожуу мордоод хонио олохгүй  их удаан хайж явж байгаад буцаад Данхрийн өвдгийн бууцны хойд хяр дамнаад гараад иртэл хярийн ар дээр хонь ямаа бөөгнөчихсөн байлаа.  Хүрээд очтол хонь дотроос нэг чоно гараад давхисан эргээд хартал бас нэг чоно хонины захаас гараад давхиж байгаа харагдлаа. Энд тэндгүй л хонь ямаа унагачихсан, зарим нь амьд тийчэлж байгаа харагдсан, тэгээд хонио Хөшөөн өндрийн баруун хоолой руу туугаад болгож байтал энд тэндээс хоёр гурваараа хэсэг хэсгээрээ хонь ямаа хурга ишиг гарч ирээд л байв. Гэтэл чулуун хороотын маань  бууцны зүүн хяр дээр хэсэг хонь ямаа харагдав.  Давхиад очтол баруун тийшээ хороо саравчруу үргээд давхилаа, очоод малын хашаа саравчруу өнгийтөл нилээд хэдэн хонь ямаа хурга ишиг саравчин дотор унагачихсан байсан, тэгээдл гэррүүгээ давхилаа. Очоод хэлтэл Еэ золиг хониндоо явахгүй  байж байгаад хонь мал чононд идүүлчихлээ гээд Жуужаадаа зодуулаад туулгуулан барин хонь малаа цуглуулж, орой нь  хөөгдөөд хөдөө очоод унтчихаж байсан юм билээ.  Хожуу ээж маань уульсаар л ярьж байж билээ.
Жуужаа маань монгол бичгээр их цэвэрхэн сайхан бичдэг, Ж.Самбуу даргын үед Дундговь аймаг Цогтчандмань хошууны тамгын газар бичээч хүртэл хийж үзэж байсан юм билээ.  Бийрээр маш цэвэрхэн бичдэг хүн байсан. Одоо зарим нэг гар бичмэлтэй жижиг судар ном нь дүү нарийнхаар хадгалаатай байгаа.  Жуужаа маань малыг хайрлах хамгаалах, малын өвчин эмгэгийг сайн эмчилдэг, морь тэмээ хатгах ханахаас өхсүүлээд янз бүрийн аргаад эмчилдэг байсан. Одоо нэг хатгуур хануурын хутга нь Цэдэвт байгаа байх. Өөрөө эрж хайж олоод худаг гаргана. Жижиг Доржпалам гуайтай нийлж хэд хэдэн худаг гаргаж олон худаг усыг сэргээж янзалсан. Ер нь худаг усны ойр орчинг үргэлж цэвэр ариун байлгадаг, онгоц ховоог байнга сэлбэж байдаг, иш татуургийг нь тохируулж ямагт цэвэр үзэмжтэй сайхан байлгадаг байсан юмаа. Сурыг их сайхан боловсруулдаг, сураар  давхар, дан , гурамсан чөдөр , хазаар ногт жирэм ,уяаны хэц , зэл ,уурагны хувь , эмээлийн суран эдлэл гэх мэт сураар уралдаг бүх зүйлүүдээ хийхдээ их уран гоё хийцтэй хийдэг, нутаг усандаа алдартай хүн байсан. Өөрийнхөө элдсэн сураар хийсэн хазаар, ногт, жирэм, эмээлийн хэрэглэл, гурамсан чөдөр гэх мэт зүйлүүд одоо бас дүү нарийнхаар хадгалаатай байгаа.  1920 , 30-аад оны үеэс л малчидаас малын хөлийн татвар,мал мах авах,агт авах , зэргээр малыг амьдаар нь авч экспорт маханд явуулдаг байсан бөгөөд 1957,58 оны үеэд Нэгдэл гэж байгуулаж малыг нийгэмчилж байгаа гэдэг нэрийн дор малчидаас малыг нь албан журмаар хурааж аваад буцаагаад малчдад албаны мал болгон дансалж өгөөд ямар нэг байдлаар мал дутаах ,шуурганд уруудуулж алдах,үхүүлэх явдал гарвал шоронд ч орж байсан түүх бий гэж Жуужаа маань ярьдаг байсан. Нэгдэл гэж балархынх байна,энэ удахгүй баларнаа гээд л яриад сууж байдаг байсан.Хүүхдүүд сургуульд суугаад яг юу сурч байн аа. Та нарыг харахад юу ч сурахгүй л байгаа юм шиг байх юм.Бүх нийтийн албан боловсрол нэрийн дор хүүхдүүдийг бөөнөөр нь аваачаад л  хорьчих юм.Энэ сургууль гэдэг нэг л биш байна гээд л хөгшүүл яриад сууж байдаг байсан. Ямар ч  гэсэн бичиг үсэгтэй л болж байгаа хэрэг .Амьдрах ухаанд сургах,мэргэжил эзэмшихэд дөхөмтэй зүйлүүдийг номын дагуу заах хэрэгтэй байгаа юм гэцгээж байдаг байсан. Монголын уламжлалт зан заншил маш их орхигдож хаягдаж байна.Ихэс дээдэс,Эх захаа мэдэхээ байлаа.Буддын шашны хийрхэл , маань мэгзэмд хэт автаж бас монгол зан үйлээ буддын шашны зан үйлтэй хэт хутгалдуулж авч үзэж байна.Буддын шашны урлахуй ухаан,ая дан ,хөгжим,философи,маань мэгзэм сургааль бол тусдаа байх ёстой зүйл.Ер нь аль ч шашин тусдаа зүйл.Хэмжээ хязгаартай байх ёстой.Ямар нэг улс орны дотоод амьдрал,эдийн засаг, зан заншил, нийгмийн хэвшил ёс суртахуун ,боловсрол мэргэжил гээд олон зүйлүүд нь шашны зан үйл.дэг жаяг суртал нэвтрүүлэгт хэт  автаж хутгалдвал ард иргэдийг талцуулах хэрэгсэл болдог бөгөөд дэлхий нийтийн олон үймээн самуун дайн шашны үзэл сурталаас болж үүссэн байдаг түүхтэй.Манай монголын хувьд олон сайхан буурлууд өвөг дээдсүүдийг маань зөвхөн буддын шашны зан холбогдсон нэрийдлээр бөөнөөр нь баривчилж хоморголон устгасан аймшигтай гашуун  хар өдрүүд он жилүүд байсан.Одоо их хэлмэгдэл гэж нэр өгчихөөд байгаа.үүнийг хэнч мардаж болохгүй.   Тэгэхээр шашны номлол,зан үйлээс хүн болгон өөрт тохирох нийцэх зүйлээ аваад бусдыг нь орхигдуулах хэрэгтэй гэсэн үг байх.Монгол гал голомтыг бадрааж ,зан үйлээ дагаж мөрдөж ,бүрэн бүтэн , онгон дагшин үлдээсэн газар нутаг,ус агаар амьтан ургамал,газар шороо,тэнгэр бурханаа дээдэлж ,хайрлаж амьдрах хэрэгтэй гэдгийг ахмад буурлууд өвөг дээдэс маань байнга сургаж захиж ирсэн байдаг. Буурлууд ихэс дээдсийнхээ үлдээсэн буян хишигийг дааж амьдрах л хэрэгтэй гэж захисан байдаг.Аливаа зүйлийг шинэчилж байна гээд уламжлалт зан үйлтэй холбоотой зүйлээ устгаж алга болгоод байж болохгүй.Нөгөө Монгол соёл гэдэг зүйл байхгүй болчихно.Дэлхийн бусад орнуудаас ялгагдах зүйлгүй болчихно шүү дээ.Үүнийг монголчууд бид өөрсдөө л аварч хамгаалах ёстой.Өөр зам байхгүй гэж өвгөд хөгшид маань их ярьцгаадаг байсан .Жуужаа  маань   хонь, адуу, үхэр малаа их сайхан бэлчээрт гаргаж малладаг, гайхамшигтай сайхан малч хүн байсан юмаа. 1939-45 оны тулаан байлдаанд оролцож халх голын ялалтын медаль, 45 оны байлдааны гавяаны медалиар төр засгаас энгэрий нь  мялаасан юм билээ.

1975 оны хавар Булангаагын төв дээр мал мах авч их хөл хөдөлгөөн ихтэй
бужигнаж байсан санагдана. Бат гуай гэдэг өвгөн байсан, намайг Бат гуай жоохон байхад тааралдах болгондоо л Намсрайжавын навхгар шарыг навсайтал алгадна шүү гэдэг байсан, Жанжаатай  маань уулзаад л  өдөржингөө яриад суучихдаг байсан. Мал мах өгөөд дуусах дөхөж байхад Батын Сөлөөдий гэдэг ах агсан тавиад хүмүүсийг үймүүлж дэлгүүрийн хажуу талын конторын дотор орчихоод цонхыг нь хага цохиод л бусниулж өгсөн. Жолооч Дугар ах барьж аваад хоёр гарыг нь ард нь хүлчихээд байхад толгойгоороо шал мөргөөд хөлбөрөөөд байсан, хүүхдүүд бид нар хараад л зогсоод байж билээ.
              Ингээд 1975 онь намар Норжмаа гэдэг багшдаа шавь орж булангаагын төвийн бага сургуульд элсэн суралцсан. Норжмаа багш маань а үсэг анх заасан ачит багш маань байсан юмаа. Багшын маань тэр үед  сонин дээр гарсан том зураг надад  хадгалаатай байгаа. Багшийгаа зураг бүтээлд мөнхлөнө гэж бодож явдаг, Одоо Ганбаатар, Ганзориг гээд хүүхдүүд нь байх ёстой.

             1975 онд Гэрлийн шон дээр сууж байсан шаазгайг чавхаар  харвах гэж байгаад харвасан чулуу нь шон дээр ойгоод хажууд нь байсан Дугар ахын машины шилийг хагалчихаад зугтаагаад Улаан худгийн эргэнд орой болтол нуугдаж байгаад баригдаад эмээдээ хутгуурдуулж байсан санагддаг. Хүний үнэтэй цэнтэй юм хагалчихлаа гээд их загнуулсан тэгээд төлсөн байхаа.   Эмээ маань олс дээс хялгасаар олом, хошлон, тугал, ботго, унаганы ногт томох ч юмуу, тэмээний утас ээрэх, ширмэл ширдэг ширэх, дээвэр туурга, хувцас хунар, гутал оёх, уллах, аргал түлш бэлдэх гээд л ер зүгээр суухгүй үргэлжийн нэг юм хийж л байдаг байсандаа, Эмээ маань  бид нарыг ажил амьдралд сургах гэж байнга л хэлж ярьж өгч байдаг сурган хүмүүжүүлэгч багш хүн байсан.
            1982 онд бид өсвөрийн Сүхбаатарчууд сэдэвт улсын хүүхдийн гар зургын олимпиадад оролцож хоёрдугаар байрт шалгарч диплом медаль, хичээлийн хэрэглэлээр шагнуулж байсан. Тэр үед бага дунд сургуульд зураг, зураг хөдөлмөрийн 
багшаар ажиллаж байсан Багаа багш, Цэдэвээ багш нартаа их баярлаж явдаг. Дотуур байрны багшаас өхсүүлээд наймдугаар анги төгсөхөд анги даасан багшаар ажиллаж байсан Алтангэрэл багш маань одоо энх тунх сууж байгаа. Ер нь тэр үед ажиллаж байсан бүх багш нартаа баярлаж явдаг. Улмаар Алтан Булагийн арван жилд анги даасан багшаар ажиллаж байсан Цэвэлмаа багш, нөхөр нь Цэндпүрэв багш биеийн тамирын багш байсан. Арван жилийн сургуульд ажиллаж байсан олон багш нартаа баярлаж явдаг. Тэр үед арван жилийн захиралаар ажиллаж байсан Юндэн багштайгаа Төв аймгийн наян жилийн ойн үзэсгэлэнг зангидаж хийж байсан түүхтэй.
  1982 оны хавар нэг өдөр орны хөндийгөөс цоо хатгачихсан далны яс олж аваад цоорхойгий нь тойруулаад харандаагаар зурхад өлзий хээ болгочихмоор санагдсан. Тэгээд  цоорхойгий нь тойруулаад өлзий хээ болгочихоод хоёр талд нь арга билгийн билэгдэл хоёр загас зураад тэгээд нүхнүүдийг нь шөвгөөр цоолоод түлхүүрийн жижиг хуурайгаар засаад хийчихэж байсан. Гэтэл эмээ маань аваад далны ясаар юм хийж оролдож болохгүй мэргэ төлөг болон зурхайд хэрэглэдэг, тэгээд ч бас малын дал хүндэтгэлтэй яс мах байдаг бас их эмзэг гэж яригддаг зүйл тийм учраас эмээдээ өгчих эмээ нь хадгалж байя гээд авчихсан. Тэгээд сүүлд 92 онд нэг очихдоо эмээгээсээ далны ясаа асуухад байгаа миний хүү одоо авах уу гэсэн, тэгээд л гаргаад өгсөн.
1986 онд Эрдэнэт хотод хилийн ба дотоодын цэргийн 0202 гэдэг ангид цэргийн албанд татагдаж Эрдэнэт гарнизоны захирагч хурдандаа Рэнцэннацаг, ангийн захирагч дэд хурандаа Цэндаюуш, ротын захирагч хушууч Очирваань, салааны захирагч дэслэгч Отгонболд, Штабын опицер дэд хурандаа Шархүү, Оролмаа, хушууч Чулуун,
Хишигдаваа, Ахмад Бэхбаатар, Жаалаахүү гээд л олон сайхан опицер дарга нарын удирдлаганд  алба хааж тамирчин дайчин, онц буудагч, онц суралгатан, гэх зэрэг тэмдэг медалиар шагнагдаж байснаас гадна НАХЯ, анги рот дарга захирагч нараас олон диплом шагнал, чөлөөгөөр шагнуулах,  ар гэрт ээжд маань хүртэл талархалын захидал бичиж шагнаж байсан. 1988 оны хавар НАХЯ-ны сайдийн шалгалт болж онц дүнтэй шалгагдаж эх орны манаа сонин дээр тасгаараа жагсчихсан сонс эргэж байгаа зураг хэвлэгдэж байсан. Улмаар хэдэн цэргийн хамт тэр үеийн НАХЯ-ны цэргийн дээд сургууль (одоогоор цагдаагийн академийн хамгийн цаад талын шар казармагт ирж байсан түүхтэй. Тэнд очоод ахмад Болдбатар гэдэг хүний удирдлаганд (одоогийн эрүүгийн цагдаагын газрын мөрдөн байцаах хэлцсийн дарга хурандаа Болдбаатар) тэр үед сургуулийн захирагч нь Лхагвасүрэн хурандаа байсан. Төд удалгүй цагдаагийн академийн полигоныг тохижуулхаар нэг зураач цэргийн хамт (одоогоор соёл урлагын их сургуулын дэргэдэх дүрслэх урлагийн дээд сургуулийн барималын тэнхимийн  эрхлэгч доктор Ж, Энхтүвшингийн хамт томилогдсон. Тэр үеийн полигоны дарга цагдаагын академийн байлдааны самбын багш ахмад Хаянхярваатай цуг гурван сар ажиллахаар болсон. Ажил удирдсан хоёр опицерын нэг нь цагдаагын академын галын бэлтгэлийн багш дэд хурандаа Чинбат, Цагдаагийн академын иргэний хамгаалалтын багш дэд хурандаа Шинэжил нар байсан. Тэгээд бид хоёр зуны гурван сар таван сарын хориноос найман сарын хорьд хүртэл гучаад ширхэг том жижиг төмөр самбар дээр зурах бичих ажил хийхээр томилогдсон. Цалинтай, тэгээд бас хоёулаа тусгай хоолтой, Чимбаа хурандаа маань өдөр болгон л таван литр айраг авчирч өгнө. Уухаар гэдэс дүүрээд байсан. Тэгэхээр нь хоёулаа айргаар биеэ шавшаад наранд ээгээдл хэвтдэг болсон.  Хажуугаар нь зурах бичих ажлаа хийгээд л, ууранд саунд ороод л Хаянгаад зодуулаад л тэгж л гурван сар шахуу болсон.  Тэр үед бид хоёрыг энэ сургуулийн дуртай ангидаа ор л гэцгээж байсан. Одоо Лхагвасүрэн хурандаагийн гарын үсэгтэй тодорхойлолт цэргийн батлах дээр байгаа. Бид хоёр тас зөрөөд олон жил цэргийн алба хаахгүй хоёулаа зургийн сургууль бараадна гээд л хоёулаа халагдацгаасан. Намайг халагдаад очиход Бүрэнгийн цэргүүд Бүгд халагдаад оччихсон байсан. Халагдаад Бүрэн явахдаа Улаанбаатараар хэд хоног дэмий тэнэж байгаад Дэлгэрхааны Дамбажанцан, Эрдэнэчулуун гэдэг хоёр цэрэгтэй хар хорин дөрөв маркийн машин хөлсөлж аваад бүтэн өдөржингөө тааваараа явсаар оройн нарнаар Бүрэнгийн төвөөс урагш Хонгорын ард хадам болох Давгадорж гуай, Нямдорж гуай, Дамба гуайхны хот айлд бууж үлдээд нөгөө хоёр цэрэгээ цааш нь Дэлгэрхаанаад явуулчихсан. Ингээд маргааш өглөө нь мотоцикльтой гэррүүгээ харьсан. Манайх зүүн сүүжийн усны зүүн урд энгэрт байсан юм. Гэртээ ирээд цаг болоогүй байхад аав маань сураглаж байгаад араас мотоцикльтой давхиад ирсэн. Маргааш нь Бүрэнгийн төвөөс Жамбаацэрэн багш, Чулуунбат багш, өөр хоёр багшийн хамт ирцгээж чамайг зургийн багшаар ажилуулах гэсэн юм, хажуугаар нь оройгоор ч хамаагүй сургууль курсд суралцуулна гээд л ярьцгаасан. Би ч шууд л зөвшөөрсөн. Халагдаж ирээд хэдхэн хоноод л  багшийн ажил хийхээр болсон. Тэр үед халагдаж ирсэн цэргүүдэд Батмөнх дарга гурван зуун төгрөгний тэтгэлэг өгч нэгдэлд ажилд оруулж байсан юм билээ. Надад өгөөгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт цэргүүдтэйгээ цуг халагдаж ирээгүй, хоёрдугаарт том толгой гаргасан гээд өгөөгүй санагддаг. Тэгээд ч нэгдлийн ам бүлд ажилд ороогүй. Сургуульд ажилд орсон болохоор тэгсэн байж магадгүй.
1990 оны 6 сард амралтаараа ирээд Гоо, Цэдэв хоёрын гэрийн дотор тавилга болон зарим нэг зүйлүүдийг хийхээр болж нэгдлийн складнаас Пүрэвсүрэн даргаар цохолт хийлгэж мөнгийг нь тушаагаад дөрвөн куб метр тавын нойтон банз, хайрцаг шил гэх мэт зүйлүүдийг авч бас хотруу хэд хэдэн удаа явж авдар савны тоног хэрэглэл, будаг шунх, зүлгүүр, хадаас шрүп, нарийн өрөмнүүд, гар харуул, нарийн иртэй хөрөө, өнгө заслын зарим нэг багажууд гэх мэт зүйлүүдийг авцарч байсан. Тэгээд л дөрвөн ширхэг хашлагатай нүд хаалгатай модон ор, арван ширхэг авдар шүүгээ, найман ширхэг шилтэй зургийн жааз, арван ширхэг сандал, хоёр ширхэг шуургуулагтай матмал хөлтэй ширээ, тоонны шилтэй рамнууд зэрэг зүйлүүдийг хийхээр ажил эхэлсэн. Наадмаас өмнө жолооч Хардэрэм ахынд оросоос ТМС төгссөн Эрдэндалайн нэг дүү ирсэн. Энэ хэдтэй Эрдэнэдалай явахаар болж  цуг явцгаагаад Эрдэнэдалайн нэгдлийн складны нярав Санжаасүрэн гэдэг ахтай уулзаж танилцаж Сангийн далай нэгдлийн складанд орж үзэж, бургасан хана, хоёр хаалга, хэдэн шинэ бор эсгий, тооно гэх мэт зүйлүүдийг авахаар тохирч тэмдэг тавиулчихаад буцсан. Тэгээд наадмаас хойш унаа сураглаж байтал өндөр Пүрэв гуай гуч сонсмолтой Эрдэнэдалай ажлаар явахаар болсон. Тэгээд буцаж ирэхэд нь юмаа ачиж ирэхээр Пүрэвгуай тай явж авсан зүйлүүдээ ачиж ирсэн. Ингээд хийх зүйлүүдээ заримыг нь хэмжиж огтолж зүсээд нойтон байсан мод материалийг нь хатаахаар хурааж тавьсан. Ингэж гадаа нар салхинд юм хийж байх хугацаанд эмээ маань би чадхаараа хүүхдүүддээ туслая, хоол цайгий чинь хийж өгч чадна гээд зунжингаа л тогоочын ажил хийж байсан. Би ч тэгээд намар сургуульдаа явчихсан.
1991 оны зургаан сард хичээл амарч ирээд бас л эмээгээрээ тогооч хийлгээд тэр тавилга юмнуудийг Гоотойгоо элбэж Жанжаа маань ч их зааж зөвлөж байсан бөгөөд наранд толгойгоо түлэн барин хийсэндээ. Ингээд наймдугаар сард Гоо Цэдэв хоёр зэрэг гэр барихаар болж бэр гуйхаас өхсүүлээд л бүх шат дараалал нь зан үйлийн дагуу явагдаж, Бүрэн сумынхаа хэмжээнд анх удаа нэгдлийн том асрыг авчирч зоолгоод сумынхаа хэмжээний шагайчдыг цуглуулж шагай харвуулж түрүүлсэн хүнийг адуугаар хоёрдугаарт харвасан хүнд хониор гуравдугаарт харавсан хүнд 350 төгрөгөөр байлж, Базартэгэлын Шатар гэдэг хүн түрүүлж хоёр айлын шинэ гэр барих ёслол ёс жудагтай сайхан болж байсан юмаа. Долоо  хоногийн дараа Даадай маань ирж ярьж сууж байхад, Жуужаа маань байсан бол ийм сайхан юм үзэх байж гээд л эмээ маань уйлж суусан. Хоёр гэр барьдаг өдөр асар дотор шагай харваж байхад нэг ороод харахад Жанжаа маань шагайныхаа буугаар буудаад л, Умбаа маань  хүртэл шагай няслаад л сууж байсан. Би тэгэхэд хоёр гэрт ээлжилж ороод л бүх зүйлийг л зохицуулж байсан л даа. Ер нь хүмүүсд их тод дурсамж үлдээсэн их гоё шинэ гэр барих ёслол болсон юм билээ.

          2003 оны зун амралтаараа жижиг тэрэгтэй их гэртээ очиж хэд хонохоор явсан.Тэгэхэд Ээж маань хэлэхдээ , Эмээ нь аятайхан унаа олдвол хотруу явж Ганданд мөргөчихөөд, ганц хоёр хүнтэй уулзчихаад ирэх юмсан гээд л яриад байдаг юм.Миний хүү эмээгээ авч яваад санал хүсэлтийг нь биелүүлчихээд буцаагаад хүргэж авцраад өгвөл яасан юм бэ гэсэн . Би өөрөө дотроо бодохдоо эмээ маань явж чадах болов уу ,хэт ядраачихвал яана гэх мэтээр олон зуйлд санаа зовж байсан.Гэсэн ч би олон юм ярилгүй хоол цай сайн бэлдээд байн байн амраагаад явьяа  л  гэсэн.Тэгээд л хотруу авч яваад манайд  гурав хоноод  бүх санал хүсэлтээ биелүүлээд буцахаар болсон.Буцахдаа эмээ маань их л ядарч байгаа харагдаад байсан .  Булангаагийн төвөөр дайрч Нарийн ажаатай уулзуулаад хоноод маргааш нь харьцгаасан . Эмээ маань сэтгэл бодлоо биелүүлсэн болохоор сэтгэл нь өег л  байх шиг байсан.Гэвч хол замд явдалдаа маш их ядарч ирсэн.Ээж маань ч цуг явсан бас л их ядарсан байсан . Тэгээд л Ээж,Эмээ хоёрыгоо хүргэж өгчихөөд буцсандаа .Түүнээс хойш жилд хоёр удаа л очих боломж гарна.                                                   2005 онд их яаруу дөнгөж очоод л буцсан . Тэгээд  л  гадагшаа явчихсан. Утсаар л хааяа нэг ярьдаг байсан.Түүнээс хойш Ээж,эмээ хоёртойгоо уулзаж чадаагүй...   

            Даадайгийн маань дээд талын ах Хүгжиг Доржпалам гэдэг буурал байсан юм билээ. Цэнд гэдэг хөгшинтэй, Долгоржав эгч Сүрэнжав ах хоёрыг өргөж авсан юм билээ. Жүнжээ буюу Хүгжиг Доржпалам нь адуу морь малыг их сайхан арчилдаг, морь их сайн уядаг хүн байсан гэдэг. Сүүлд Сүрэнжавын хээр гээд хурдан морь яригддаг байсан. Одоо ч гэсэн тэр хээр адуунуудын угсаа удам үлдсэн байх.
          1982 онд Улаанбаатар хотод хоёроос гурван сар болоход их зүйлүүдийг  ажиглаж мэдсэн. Тэгээд ер нь цаашдаа сургуульд сурах нь зөв юм байна гэж бодсон.1983 онд 8-р анги төгсөөд гэртээ ирээд хэдхэн хонож байсан.Нэг өдөр Даадай маань морьтой ирж яваа харагд сан.Тэгтэл Мээм бид 2 гадаа байсан . Намайг Даадай ирж яваа юм шиг байна алаг морьтойгоо гэхэд Мээм маань яадаг билээ гээд гэррүүгээ шогшоод л орчихсон санагддаг.Ер нь Даадайгаас бүгд л  айдаг байсан.Даадай маань зөндөө зүйлийг ярьж сууж байснаа ,Чи тэгээд одоо юу хийх гэж байна гэж надаас асуусан.Би Алтанбулагт 10р анги төгсөхөөр хуваарьлагдсан.Цаашдаа цэрэгт татагдчихгүй бол сургуульд сурах бодолтой байгаа гэхэд  Даадай маань мод чулуугаар юм хийх,зураг зурах бичих  ажилаа хийхэд чамд бололцоотой олон юманд толгойгоо өвтгөвөл мэдрэл өвчтэй болдог талтай.  Бурхан шашны тухай та нар сонирхохын ч хэрэггүй .   Эрдэм боловсрол гэдэг бол их амьдралын утга учрыг ойлгоход л оршино гээд л ярьдаг байсан.       Өөрөө бол  амьдралын холбогдолтой түүх домог их ярьдаг хүн байсан.  Тэгсийм гэдэг билүү  гээд  л ярьж гардаг байсан. Дөртөдагва гэдэг бурханы тухай домог ярихад би их гайхсан.  Бас галав юүлэх гэдэг тухай ,зурхайн тухай яриад байдаг байсан. Эцэг эхийнхээ тухай,өвөг дээдсийнхээ тухай бас аян жин тээж байсан тухай  домог шиг  л сонин зүйлүүдийг ярьдаг байсан.Хүн өөртөө таарсан чадах юмаа л сайн хийж амьдрах хэрэгтэй.Чадахгүй юмаар их оролдвол аль ч үгүй л хоцордог гэх мэт олон сайхан зүйлүүдийг ярьдаг буянтай буурал байсан юмаа.
          Даадай амидаа хоёр маань Балгансүрэн ах,Дэлгэрбаяр эгч хоёрыг өргөж авсан юм билээ.Одоо ач зээ нийлсэн олон хүүхэд залуучууд байгаа.
          Будүүн Ажаа гээд олон хүүхэд төрүүлж өсгөсөн, их олон ач зээ нар нь бужигнасан буянтай сайхан буурал байсан.Бид нар бүгдээрээ л очиж золгоцгоодог байсан.  Ер нь энэ хэдэн хөгшчүүлийн ээж аав нь Асман Жүрмэд, Дэжид гэж хоёр хүний хүүхдүүдээс хамгийн том ах нь 39оны халх голын байлдайнаас шархтай ирээд нас барсан байх гэдэг. Хоёр дахь нь бүдүүн ажаа буюу Дэмчиг, гурав дахь нь Жүнжээ буюу Хүгжиг Доржпалам, дөрөв дахь нь Даадай буюу Дамбажанцан, тав дахь нь Жуужаа буюу Цэрэндаваа, зургаа дахь нь нарийн Ажаа буюу Дулам, долоо дахь нь Мээм буюу Долгор гээд буурлууд байлаа. Тэгээд бүдүүн Ажаа буюу Дэмчиг, Зэвгэ гэдэг хоёр хөгшинөөс  Жаалгаа буюу Ичинхорол Жаал Бандагай буюу Цэрэнпунцаг, Батсүх ах , Сүрэнхорол эгч, Бүргэд эгч, Гүнсэн эгч, Амжаа буюу Жамц, Хорол эгч,   Эсмээ буюу Зэсэм  гээд л олон буурлууд хүүхдүүд ач зээ нараа тойруулчихсан энх тунх сууцгааж байгаа. Чимэддулам буюу  Сандгаа эгчийн маань ээж Бүргэд гэдэг хүн Хаднанжид гэдэг хүнтэй суугаад Чимэддүлам эгч маань төрсний дараа бас нэг хүү төрсөн юм билээ. Тэр хүү нь ч өнгөрсөн эх нь ч нас барсан гэдэг. Тэгээд л өнчин хоцорсон бололтой юм билээ. Энгээд эмээ маань өөр дээрээ өсгөөд Чимэддулам эгчээс маань салбарласан одоо олон айл, олон дүү нар байгаа.

 Ер нь хүүхдүүд ач зээ нар нь нийлээд маш олон хүмүүс байгаа. Намайг цэрэгт байхад Жаал Бандгай Ээж 2 маань Алагийн  нуруунд оторт цуг явсан юм билээ.Нэг орой хоёулаа үхрээ уячихаад,хонио хотлуулчихаад унтаж амарч байтал шөнө дунд нэг амьтны муухай дуу гараад байсан юм билээ.Тэгтэл Жаал Бандгай сэрээд ямаа л үхэж байгаа биз гээд гараад очтол тугал уяандаа орооцолдчихсон аюул болж байсан гэдэг.
        Хумаа ажаа гээд нэг сайхан буурал байдаг байсан. Ааруул ээзгий өрөмтэй авч өгөөд л сууж байдаг байсан.Одоо Гуваа(Цэнджав) ахынх гээд айл байгаа.
        Намайг жаахан байхад Батсүх ахых Оорцогт ,манайх Данхарын чулуун  хороотод ойрхон их олон жил өвөлжсөн санагдана.Би Батсүх ахынхаар их очдог байсан.Нэг өдөр Батсүх ахынд буугаад морио уячихаад ортол Содномцог ах ,Ишцог ах хоёр хоорондоо зодолдож байсан.Тэгэхээр нь би айгаад буцаад мордоод давхичихаж байсан хөгтэй явдал бий. Батсүх ах маань Өнжүүл сумандаа адууны төлийн аварга хүртэл болж байсан,их ажилсаг, малч сайхан буурал одоо энх тунх сууж байгаа .Хань нь Цэнддаваа гэдэг хөгшин бий.Хүүхдүүд ач зээ нар нь нийлсэн олон хүмүүс  байгаа.
      Жаалгаа ,Мэндээгийнхэн, Амжаа, Муна аавыхан,  Умбаагийхан Сүрэнхорол эгч Адьяадорж ахых , Балжир ахыхан , Бямба эгчийхэн, Базарсүрэн эгч , Манж ахынх , Пунцагдулам эгч, Намсрай ахынхан,   Пүрэв эгч ,Цэрэндэжид ахынх , Цэнд эгч,  Нямаа ахынх, Гончигжав ахынх , Сэнгэ эгч , Цогт ахынх, Дэлгэрбаяр эгч, Учрал ахынхан, Балгансүрэн ахынх, Сүрэнжав ахынх, Дэлгэ ахынх, Янгиг ахынхан, Том жижиг хоёр Шатар ахынхан, Хүзүү Баатар ахынх, Зангиа Цэрэндорж ахынх, одоо Монхор Цэрэндорж ахынх, Гүн Намсрай ахынх, Өлзийжав эгчийх, Тамир, Хишигсүрэн, Содномцог, Ишцог, Дондог, Цэвэг ав Сүхбаатарынх Мөнхцэцэг Пүрэвдоржийнх, Батмөнх,  Нарантуяа, Сарантуяа, Цэнд, Лхагважав, Сүрэнхүү,  Сүрэнхорол эгчийн хүүхдүүд, Оншир, Мандшир, Цэеэнсүрэн Гамынх, Баттогтохынхон, Цэдвийхэн, Цэцэгдэлгэр, Баатрынх  гээд л бидний үеийнхнээс доош  олон айл,олон дүү нар байгаа.
      Бүх ахмадууд буурлууд маань хөгжилтэй хөгтэй явдлууд их болдог байсан тухай ярьцгаадаг байж билээ.            
           1976 оны зун байх , Нарийн Ажаагийн манайхан сүүжийн даланд зусаж байсан. Нэг  өдөр Оншир,Батбилэг хоёр тугал услаад ир гээд явуулсан юм билээ. Гэтэл бид хоёр тугалаа усалчихаад тугалаа мартчихсан сүүжийн усны баруун хамар дээрээс цахиур түүгээд  алга болчихсон юм билээ. Тэгээд манайд нэг толгой  байнга дээгүүр байдаг, толгой хаялсан сайхан цагаан бор морь байсан, түүнийг унчихсан шилбүүрийн хувь буулгаад барьчихсан, Манж ах давхиж ирээд бид хоёрийг тугалтай нь  хамт ороолгож хөөгөөд ирж байсан юм билээ. Манж ах маань долдугаар анги төгсөж, нярав, хороо хорины дарга, тээврийн жолооч олон жил хийсэн байх. Бид нар Манж ахдаа загнуулж, ороолгуулж, ингэж өссөндөө. Одоо Манж ах маань ная гарчихсан хүүхдүүд, ач зээ нараа тойруулчихсан энх тунх сууж байгаа. Нарийн ажаа маань арван зургаан настайгаасаа л эхлэж тамхи татсан юм билээ. Оншир бид хоёр билүү, Мандай бид хоёр билүү улаан тамхинаас нь чимхэж авч гараад татаж үзэж сахилагагүйтжил байсан санагддаг. 
      Жил болгон л хонь ямаагаа туугаад мал угаалганд явах гээд л ажил болдог байсан. Баян булаг руу эсвэл  Тал булаг руу мал угаалганд явахдаа Даадайгийн, Учрал ахынхнаар хонож өнжөөд л малаа угаалгаад буцдаг байсан.  1980 оны үед санагддаг. Манайх тэгэхэд булангаагын төвийн хойх нь хөвд байсан. Ээжтэйгээ Цэдэв, Гоо хоёр дүүгийнхээ нэгтэй гурвуулаа явсан. Хонь ямаагаа туугаад оройдоо тал булаг орж хоночихоод маргааш өглөө нь аажуухан угаалгачихаад ээж маань Бүрэнгийн төв орох ажилтай ажлаа амжуулаад харина миний хоёр хүү хонь малаа туугаад харьж бай гээд явсан. Бид хоёр хонь ямаагаа аажуухан туусаар Түмийд усалж хужирлачихаад хөдөлцгөөсөн. Явсаар байтал Сүүжийн өндрийн урд энгэр хүрээд л орой болж харанхуй болчихсон. Юу ч харагдахгүй түнэр харанхүй болж, бороо ч бас ороод л байсан, Морио чөдөрлөчихөөд эмээлээ авч тавьчихаад голд нь тохомоо дэвсчихээд хааяа ээлжилж хэвтээд л байн байн хоёр талаар нь хонио хураагаад л хоносон санагдана.
       Миний аавийн аав болох Тонхи Гомбосүрэн гэдэг хүн байсан юм билээ.Хүүхдүүд нь Дашбалдан, Авардаяа,Равжир ,Тогтох ,Бямба , Дашзэвэг эгч ,Цэдэн-Иш ах гээд 6 ах нэг эгч байдаг. Манай аав  5 дахь хүүхэд нь,том ахаараа овоглочихсон Дашбалдангийн Бямба гэж гавьат малчин адуучин хүн байсан.
            Хамгийн том нь Найлаа буюу Дашбалдан ах 13 настай бусад дүү нар нь жижигхэн байхад эх Банзрагч нь нас барж өнчин хоцорцгоосон юм билээ.
            Тэр хэцүү цаг үед ах Найлаа, Дашбалдан нь дүү нараа хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж байсан буянтай буурал ах юм билээ.
            1957 онд аавыг маань 10 настай байхад цуг амьдарч байсан эмэг эх Сэрээтэр нь нас барж аавыг маань Дашзэвэг гэдэг айл өргөж авахаар  гэртээ аваачсан юм билээ. Тэр Дашзэвэгийн гэр бүлийн хүн  Пүрэвжав аавын маань ээж Банзрагчын талын хамаатан хүн байсан бөгөөд хожим нь тэр Дашзэвэг гэдэг хүн Монгол улсын хөдөлмөрын баатар цолоор шагнагдаж, гэр бүл Пүрэвжав нь ардын их хурлын депутатаар хоёр ч удаа сонгогдож байсан хоёр сайхан буурал байсан юм билээ. Дашзэвэг гуайнд өргөгдөхөөр очсон аав маань нэг жил болсны дараа зуны амралтаараа ах нарыгаа том ахындаа ирсэн сургаар тугалын бэлчээрээс оргоод Найлаа(Дашбалдан ахындаа оччихож байсан юм билээ). Тэгээд буцаж очоогүй гэдэг. Гэлээ ч гэсэн төд удалгүй эргээд өргөж авч байсан хоёр бууралдаа байнга очдог, сургааль сонсдог , эрхэлдэг байсан гэдэг. Аав намайг төрөх үед цэрэгт явчихсан юм билээ. Аавыг цэрэгт байхад ээж маань эргэж очоод хоёулаа цуг авхуулсан зураг нь одоо хүртэл хадгалаатай байдаг.
            1969 онд халагдаж ирээд Өнжүүл сумын *Ялалт* нэгдэлд адуу маллаж эхэлсэн юм билээ. Ер нь манай аав бол зогсоо зайгүй хөдөлмөрлөж байдаг маш их хөдөлмөрч хүн байсан юм билээ.
             1975 аас 80 оны хооронд хоёр удаа аймгийн аварга адуучин .
            1981 ээс 82 оны үед *улсын аварга малчин* анхны алтан унаганы эзэн
            1983 ааас 90 оны үед адуу хэсгийн даргаар ажиллаж Бүрэн сум түмэн адууны баяр хийж байсан түүхэн цаг үе аавын маань хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.
            1995 онд мянгат малчин Улмаар 2008 онд Монгол улсын гавяат малчин цол хүртээсэн юм  билээ.
       Улаанбаатар хотод  Дэндгээ(Дэндэвдорж ) гээд манай Булангаа Өнжүүл чигийн нутгийн ахынх манайхтай ойрхон нэг гудманд амьдардаг байсан.
      1999 оны зун нэг өдөр тэднийхээр Дэндгээтэй уулзах санаатай ортол Аав  маань сууж байсан. Тэгээд л бид гурав бөөн яриа болж нэг хэсэг суусан. Би тэр хоёроос та хоёр ямар архи уухав  гэж асуухад  Дэндгээ чи аавдаа хамгийн сайн архи авч өгөх хэрэгтэй гэсэн.Тэгээд  л би гараад   дэлгүүр яваад  хамгийн сайн  хоёр шил архи авцарч өгсөн.Ингээд гурвуулаа их  удаан суугаад , янз бүрийн юм ярьж хэлж байгаад Аавыгаа уйлуулчихаж байсан.
      Тэгээд Дэндгээ манайхруу орьё гээд гурвуулаа манайд орцгоосон.Би тэр хоёрт хонины ястай мах чанаж өгсөн.Тэгээд л гурвуулаа яриад суучихсан.Тэгээд  Дэндгээ  дахиад хоёр  шил архи аваад ир гээд намайг явуулсан.Ингээд аав  маань миний хүү чинь ухаантай сайн хүү шүү гээд л дахин дахин үнсээд л орой шөнө 12 цаг хүртэл гурвуулаа манайд суусан.        
  Үүнээс өмнө бага дунд сургуульд байхдаа хаяа нэг аавтайгаа тааралдана.Бас гэрээр  нь болоод хаа байгаа газарт  нь очиж золгож байсан удаа ч олон бий.Аав маань тааралдах болгондоо тав гурван төгрөг авч өгдөг байсан. 
Аавын маань  буян хишиг хойч үе үр хүүхдүүд бид нартаа тодоос тод үлдэж, далай шиг сайхан сэтгэл нь үргэлж биднийг тэнгэр бурханаас ивээж байх болноо.


Дурсамж бичсэн А.Батбилэг

No comments:

Post a Comment